Жирэмсний үед таны зайлшгүй мэдэж байх ёстой зүйлс юу вэ?

-Жирэмсний 10-12 долоо хоногтой үед-

Хорвоо дээр эмэгтэй хүн болж төрсний утга учир бол яахын аргагүй хэвлий дэх үрээ тээж төрүүлэн ангир уургаа амлуулах тэрхэн мөч билээ.

Тэгвэл хүүхэд хэвлийд буй болсон гэх баярт мэдээг дуулсаны дараагаас эх, эцэгт өөрсдийн үр удмаа эрүүл саруул бойжуулах хариуцлага зайлшгүй тулгардаг.

Тэгвэл Үндэсний портал GoGo.mn сайт жирэмсний үеүдэд хөл хүндтэй эмэгтэйчүүдийн мэдвэл зохих мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байхаар боллоо. Энэ удаад бид жирэмсний 10-12 долоо хоногтойд жирэмсэн эмэгтэйчүүд юун дээр анхаарах, энэ үед хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт ямар байгаа талаар мэдээлж байна.

Энэ үед ирээдүйн эх таны зайлшгүй мэдэж байх зүйлс
– Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд нь: ядарч сульдах, бөөлжис цутгах болон хааяа бөөлжих, толгой өвдөх, бие сулрах бөгөөд энэ үед таны хөх томорч зөөлөрч эхэлнэ.
– Хэвлий дэх ургийн зүрх цохилж, гар, хөл, нүүр болон бусад том эрхтнүүд хэлбэрээ олж эхэлдэг үе.
– Үтрээнээс нилээд өнгөгүй ялгадас гарч болно.
– Жирэмсний хугацаанд бие дэх бодисын солилцоо өөрчлөгддөг тул буйлны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Буйлны хүнд өвчин нь ураг зулбах болон хэт бага жинтэй төрөхөд нөлөөлдөг тул шүдний эмчид заавал үзүүлээрэй.
– Энэ үед архи тамхи хэрэглэх болон эмчийн зөвшөөрөлгүй эм ууж болохгүй.

Дараах асуудлуудыг эмчтэйгээ зөвлөж ярилцаарай
– Миний шинжилгээний хариу хэвийн байна уу?
– Би хөхөө яаж өөрөө арчлах вэ?
– Энэ жирэмслэлтэд миний нас нөлөөтэй юү?
– Халуун ус, саун, рашаан шүршүүрт ороход хүүхдэд нөлөөлөх үү?
– Би бэлгийн харьцаанд орж болох уу?
– Таны тэмдэглэл болон мэдэхийг хүсэж буй зүйлүүдээ эмчээсээ асуугаарай.

Таны хүүхдийн өсөлт хөгжилт

10 дахь долоо хоног. Энэ хугацаанд таны хүүхэд хөврөлийн үеэс ургийн үе рүү шилждэг. Түүний эрхтэнүүд хурдан томорч боловсордог бөгөөд энэ үед таны хүүхэд 3,1- 4,2 см урттай жин нь ойролцоогоор 5 г байдаг.

Таны хүүхэд одоо шингэн юм залгиж чаддаг бас хуруугаа хөхдөг болно. Хөдөлгөөн нь илүү хүчтэй болсон байдаг. Ургийн бөөр, гэдэс, тархи, элэг зэрэг амин чухал эрхтэнүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг бөгөөд төрөх хүртлээ үргэлжлэн хөгждөг.

Ургийн мөчдийн хөгжил үргэлжлэн явагдаж хоёр гар нь хэвлийн урд хэсэгтээ нийлж чадахуйц урт болдог. Ургийн арьс тунгалаг байдаг учир нурууны нугас мэдрэлийн ширхэгийн салаанууд, судасжилт зэрэг нь тод харагддаг. Таны хүүхдийн дух хэсгийн тархины хөгжил хурдацтай явагдсаны улмаас духны хэсэг товойн гарч ирдэг бөгөөд энэ үед толгойн хэмжээ биеийн нийт уртынхаа тал хэсгийг эзэлж байдаг.

11 дэх долоо хоног. Таны хүүхэд гараа атгаж зангидаж чаддаг болно. Мөн түүний буйлны доор анхдагч сүүн шүдний үүсгэвэрүүд бий болно. Ургийн зарим яснууд хатуурч эхлэнэ. Тэрээр завгүй хөдөлж байдаг бөгөөд усны балетийг санагдуулдаг. Ураг томрохын хирээр түүний хөдөлгөөн нь илүү их давтамжтай, зорилготой болж хөгждөг. Энэ хугацааны сүүлч үед ураг 5,08 см урттай болдог.

12 дахь долоо хоног. Энэ долоо хоногийн хамгийн анхаарал татахуйц зүйл бол рефлекс юм. Таны хүүхэд гараа атгаж тавих, хөлийн хуруугаа хөдөлгөх, нүдээ аних, хөхөх зэрэг хөдөлгөөн хийж чаддаг болно. Мөн хүйн гогцоо руу түрж орж ирсэн байсан гэдэсний гогцоо хэвлийн хөндий рүүгээ буцаж орж хэвийн байдалтай болно. Түүний бөөр шээс ялгаруулж эхлэх бөгөөд давсганд шээс хуримтлагдана. Энэ үед мэдрэлийн эсүүд хурдтай олширно. Таны хүүхдийн тархи, синапсийн холбоо идэвхтэй хөгжинө. Түүний нүүр хүнийхтэй тун төстэй болж ирнэ. Энэ үед таны хүүхэд 6,3 см урттай, 8,5-14,1 г жинтэй болсон байна.