Хавагнах нь дараах шалтгаануудтай холбоотой…

Бөгж хуруундаа шигдээд, дуртай туфлиэ өмсөж чадахгүй байна уу, яагаад гэвэл бүгд хавагнажээ. Энэ хаван бол биед хуримтлагдсан шингэн юм. Хаван үүсэх түгээмэл шалтгааныг танд танилцуулахаас гадна хэрхэн буулгах талаар танд багахан ч гэсэн ойлголт өгье

Өдрийн давсны хэрэглээ – 5 г эсвэл овоолон биш 1 ц.х. Хүнсээр дамжуулан өдөрт авах давсны хэрэглээ ихэсвэл биед шингэн хуримтлагдаж эхэлнэ.

Авах арга хэмжээ: Давсны хэрэглээг багасгана. Хоол давсгүй санагдаад байвал амтлагч ногоо хэрэглээрэй.

Харшил

Хавагнахаас гадна загатнах, улайх зэрэг шинж тэмдэг байвал харшил гэж үзнэ.

Авах арга хэмжээ: Хаван эрчимтэй нэмэгдэх, мөн хүзүү, нүүр хэсгээр илүү их байвал яаралтай эмнэлгийн тусламж авна. Багахан хаван бол харшлын эсрэг эм уугаарай.

Гормон

Гормоны тэнцвэрт байдал алдагдах – биед шингэн хуримтлагдах бас нэгэн шалтгаан. Гэдэс дүүрэх, хөлөөр хавагнах, жин нэмэгдэж байгаа бол гормоны тэнцвэрт байдал алдагдсаны хавагналт гэж үзнэ.

Авах арга хэмжээ: хоол хүнсэндээ анхаарах: уургийн агууламж ихтэй хоол түлхүү идэж амттан, давстай, хурц халуун ногооны хэрэглээг эрс багасгана. Мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.

Бөөрний өвчлөл

Өглөөгүүр үүсэх хаван нь бөөрний асуудлыг илтгэнэ. Үүний зэрэгцээ бэлхүүсээр өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөнө.

Авах арга хэмжээ: Хоолны дэглэм баримтална. Нуруугаараа унтах (доош харж унтахад шингэн хуримтлагдахад нөлөөлдөг). Мэдрэл, бөөрний эмчид үзүүлнэ.

Зүрхний өвчлөл

Хөл, гэдсээр хавагнах – зүрхний өвчлөл байж болно. Үүнээс гадна цээжээр өвдөх, ядрах, амьсгаадах шинж тэмдэг хавсарна.

Авах арга хэмжээ: Зүрхний хаванг өөрөө дур мэдэн буулгах эмчилгээ хийхгүй. Заавал мэргэжлийн эмчид хандаарай.

Эмийн үйлчилгээ

Зарим нэг эм уусны гаж нөлөө байж болно, жишээ нь халуун буулгах, өвчин намдаах.

Авах арга хэмжээ: Хэрвээ эмийн гаж нөлөө бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Эмч танд гаж нөлөө багатай өөр эмээр орлуулах санал болгоно.

Амьдралын хэв маяг

Босоо эсвэл суугаа ажил хийдэг бол хөлөөр хавагнах магадлал өндөртэй.

Авах арга хэмжээ: Суугаа ажил хийдэг хүмүүс үе үе биеийнхээ чилээг гаргаж дасгал хийх хэрэгтэй. Мөн хөлөө ачиж суухгүй. Хэрвээ босоо ажил хийдэг бол сууж хөлөө амраана, хөлөндөө иллэг хийх зэрэг арга хэмжээ авна.

Шингэний дутагдалд орох

Шингэний дутагдалд орж эхлэхэд бие эрхтэн шингэнээ өөрөө нөөцөлж эхэлдэг. Ингээд бугуй, гэдэс, хөл орчмоор хавагнана.

Авах арга хэмжээ: өдөрт 1,2 л-ээс багагүй шингэн хэрэглэнэ, кофе, согтууруулах төрлийн ундаа, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай.

Хавагнах нь заавал ямар нэгэн өвчний шалтгаан болно гэж шууд ойлгож болохгүй. Магадгүй халуун өдөр эрүүл хүнд ч үүсэх зүйл, өөрт таараагүй гутал өмссөн, давсархаг хоол идсэн эсвэл хэт их шингэн ууснаас ч хавагнах магадлалтай.