Хэцүү асуудлаа унтаж байхдаа шийдвэрлэх гайхалтай арга!

Биднийг унтаж байхад тархи амардаг гэдгийг хүн бүр мэднэ. Ямар нэгэн хэцүү хүнд асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн ухамсрыг ашиглаж болдог байна. Орой унтахын өмнө хэцүү санагдаж байсан зүйл, маргааш өглөө нь тийм ч хэцүү санагддаггүй болохыг та анзаарч байсан уу?

1. Биднийг унтаж байхад тархи хэрхэн асуудлыг шийддэг вэ?

Үйл хөдлөл хариуцсан хэсэг унтаж байхад ухамсар тухайн өдөр болсон бүх зүйлийг дүгнэж, урт хугацааны санах ой руу шилжүүлж хадгалдаг. Хэрвээ замд нь ямар нэгэн саад тулгарч байвал үүнийг шийдвэрлэх гэж оролддог байна.

“Би тархины ухамсарт үйл ажиллагаанд итгэдэг. Тархи бидний төсөөлөөгүй үед ч гэсэн ажиллаж байдаг. Бидний өдөр бодож байсан аливаа зүйлийг тархи шөнө боддог. Хэрвээ би ямар нэг зүйлийн хариуг гаргаж чадахгүй байвал орой унтахынхаа өмнө боддог бөгөөд өглөө би гайхширсан байдалтай сэрдэг”. (Александр Белл)

Мэдээж дөнгөж сэрмэгц бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Таны санааг зовоож байгаа зүйл дээр ухамсараа илүү ажиллуулахын тулд тухайн зүйлийн талаар байнга бодох хэрэгтэй.  Энэ тохиолдолд тархи энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллах болно.

Унтаад сэрмэгц таны толгойд орж ирсэн бодолд та анхаарал хандуулах хэрэгтэй. Удаан хугацааны турш хойш тавих хэрэггүй. Эс тэгвээс та тун амархан мартах болно.

Хэдийгээр бид зүүдээ удирдаж чаддаггүй ч зүүд бидэнд тустай мэдээллийг өгч чаддаг. Учир нь бид тэднийг REM нойрны хэлбэрт байх үедээ хардаг.

Хүмүүсийг дөнгөж сэрээмэгцээ анаграмм бодох туршилтыг хийсэн байна. Туршилтанд хамрагсдын зарим хэсгийг нь гүн нойрондоо байхад нь сэрээж, заримыг нь зүүрмэглэж байхад нь сэрээж босгожээ. Гүн нойрондоо унтаж байсан хүмүүс 32 хувиар илүү бодсон гэнэ. Тиймээс өөрийн зүүдэндээ маш анхааралтай хандах хэрэгтэй.

2. Зүүдэндээ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Юуны түрүүнд таны санааг юу зовоож байгаа болохыг тодорхойл. Жишээлбэл, та өөрийн ажилд сэтгэл хангалуун бус байгаа, өөр хот руу нүүх үгүйгээ болон аливаа асуудалд цэг тавих хэрэгтэй үгүйгээ шийдвэрлээгүй байгаа гэх мэт. Эдгээр асуудлыг бид хэдийгээр өдрийн цагаар бодож байгаа ч бидний анхаарлыг сарниулах зүйл маш их бий.

Тиймээс зүүдэн дундаа аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах зарчмыг баримтлаарай.

1. Унтахын өмнө тулгарч буй асуудлаа бодох

Орой унтахынхаа өмнө ядаж 30 минут өөрийн санааг зовоож буй асуудлын талаар бод. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга ашигласан, ямар арга ашиглаагүй гэдгээ бодоод үзээрэй.

2. Хугацаа тодорхойлох

Унтахынхаа өмнө өөрт тулгарсан асуудлыг бодохоос гадна тодорхой цаг хугацааг тодорхойлох хэрэгтэй. Мэдээж та шөнөжингөө тайван бус байхыг хүсэхгүй байгаа биз дээ.

Жишээлбэл: “Миний хийж буй ажил надад таалагдахгүй байна. Би юу буруу хийгээд байгаа юм бол? Энэ асуултын хариуг би өглөө 07.00 цаг гэхэд олохыг хүсэж байна” гэх мэт.

3. Өөрийн бодлыг бичиж ав

Өглөө сэрмэгцээ таны толгойд орж ирсэн бодлыг бичиж аваарай. Зарим зүйлсийг мартахгүйн тулд унтахынхаа өмнө хажуудаа үзэг, цаас тавиад унтсан ч болно.

Хэрвээ өглөө асуултын хариултыг олоогүй бол санаа зовох хэрэггүй. Энэ бол богино хугацаанд шийдвэрлэгдэх зүйл биш. Тэвчээртэй байх хэрэгтэй гэж танд зөвлөе.

4. Бодох цаг гарга

Аяга цай, эсвэл кофе хийгээд өөрийн бодлыг ямар нэг зүйл дээр буулгаж ав. 30 минутын турш таны толгойд орж ирж буй бүх зүйлийг тэмдэглэ. Таны бодож байгаа зүйл асуудалд хамаатай юу, үгүй юү гэдэг нь сонин биш.  Хамгийн гол нь зөвхөн толгойд байгаа зүйлээ  л цаасан дээр буулгах нь чухал.

5. Дүгнэлт гарга

Ингээд тэмдэглэл хөтөлж дууссаны дараа бага зэрэг амарч бичсэн тэмдэглэлээ дахин нэг уншаарай. Танд чухал шаардлагатай гэсэн хариултыг тэмдэглэж ав. Энэ нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно.

Магадгүй та асуудлыг шийдвэрлэх хариултыг шууд олж авч чадахгүй байж болох юм. Гэхдээ урд өдөр нь шийдвэрлэхэд хэцүү байсан зүйл маргааш нь ямар амархан байсан болохыг ойлгоно. Дээрх таван алхмыг хийснээр та ямар нэг төлөвлөгөөтэй болно гэдэгт итгэлтэй байна.