Таны идэж буй хоол хүнс наснаас тань залуу, эрүүл саруул харагдуулах боломжтой

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг. Зөв хооллох дадал зуршил бол хүнийг эрч хүчтэй, эрүүл саруул, чийрэг байлгах хамгийн гол хүчин зүйл билээ. Тиймээс та бүхэн өглөө, өдөр, оройн хоолондоо тохирсон илчлэг, шим тэжээлийг авахын тулд зөв хооллох хэрэгтэйг бүү мартаарай.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ:                    БИЕЭ ЭРЧ ХҮЧЭЭР ЦЭНЭГЛЭХ

Овъёос- Цатгалан мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй амин дэмээр баялаг, антиоксидант үйлчилгээтэй юм. Өглөө чүр овьёос идэж хэвшвэл чихрийн шинжин, зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой.

Өндөг- Шим тэжээл, илчлэгээр баялаг тул өглөөний цайндаа зооглоход хамгийн тохиромжтой хүнс юм. Хоёр ширхэг өндөг нь танд бүхэл өдрийн турш хэрэгтэй тэжээлийг өгөөд зогсохгүй их хоол идэхээс сэргийлж , таргалалтаас хамгаалах боломжтой.

Талх- Цагаан талхыг их хэмжээгээр идэх нь тохиромжгүй боловч хар талх нь хүний биед олон талын ашиг тустай. Талх нь амин дэм, эддэс бодис, уураг, эслэгээр баялаг юм. Өглөөний цайндаа хөх тарианы болон бүхэл үрийн талх идэх нь өдрийн турш цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхээс сэргийлэх болно.

Төмс- Төмс нь хамгийн илчлэг өндөртэй хүнсний ногоо боловч өглөөний цайнд идэхэд тун тохиромжтой. Төмс нь С, В6 витаминаар баялаг бөгөөд хальсанд нь хүний зүрхэнд шаардлагатай кали ихээр агуулагддаг. Ялангуяа хальстай нь жигнэсэн төмс маш сайн.

Бяслаг- Өглөөний цайндаа хоёр хэрчим бяслэг идсэнээр та өлсөх мэдрэмжийг нэг хэсэгтээ л мартана. Түүнчлэн илчлэг өндөртэй хүнс учраас цагаан хоолтнууд махны оронд хэрэглэх нь элбэг байдаг.

Амттан- Өглөөний цайндаа амттан идэх нь сэтгэл санааг өөдрөг болгоод зогсохгүй тархийг эрчим хүчээр хангадаг. Харин оройн цагаар бялуу, амттан идэх нь өөх, илүүдэл жин үүсгэнэ.

Шошийн төрлийн хүнсний ногоо- Шош, вандуй, сэвэг зарам нь төмөр, фолийн хүчил, кали, магнигаар баялаг юм. Шошийн төрлийн ногоо нь хүний бие дэх өөх тос, сахарын солилцоог эрчимжүүлдэг.

ӨДРИЙН ХООЛ:                  ЭРЧ ХҮЧЭЭ ЦЭНЭГЛЭХ 

Жимс- Өдрийн хоолны үеэр нэг ширхэг алим идэх нь гэдэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулдаг. Усан үзэм нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Түүнчлэн гадил нь биеийг эрч хүчээр цэнэглэдэг.

Будаа- Будаа нь фосфор, магни, селени болон В6 витамин, нүүрс усаар баялаг бөгөөд өдрийн хоолонд зооглоход хамгийн тохиромжтой хүнс юм. Мөн найрлагандаа манган агуулдаг учраас чихрийн шижин болон хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг.

Мах- Өдрийн хоолондоо жигнэсэн, сайтар болгосон мах идэх нь тун тохиромжтой. Харин хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь махыг 5 цагийн дотор боловсруулдаг учраас оройн хоолонд идэхэд тохиромжгүй. Мах нь уураг А, В, D витамин, төмөр, цайр, селени болон амин хүчлүүдээр баялаг тул ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг ажээ.

Гоймон- Улаан буудайн гурилаар хийсэн гоймонг өдрийн хоолондоо хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн махны оронд хүнсний ногоотой хольж идвэл тун хөнгөн, шим тэжээлээр баялаг хоол болох болно.

ОРОЙН ХООЛ:                         ХӨНГӨН ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ

Сүүн бүтээгдэхүүн- Өглөөний цайндаа сүү, тараг хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Харин сүүн бүтээгдэхүүн, ялангуяа сүүг исгэж хийсэн тараг, аарц гэх мэт хүнсийг оройн цагаар хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Ялангуяа оройн унтахынхаа өмнө сүү, тараг уувал гэдэс, ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй таныг тавтай нойрсоход туслах болно.

Загас- Загас бол өдрийн аль ч үед идэхэд тохиромжтой хүнс юм. Ялангуяа хоолны дэглэм барьж, турах хүсэлтэй хүмүүс тослог багатай загас идэхэд тохиромжтой. Мөн та оливын тосоор амталсан шинэхэн ногооны салаттай хольж идвэл үнэхээр төгс хоол болох болно.

Тахиа- Тахианы мах нь өөх тос, холестрин бага агуулдаг бөгөөд хурдан шингэдэг билээ Тахиа нь фосфор, кали, төмөр, амин дэмээр баялаг бөгөөд  стрессийг бууруулж, сайн унтаж амрахад тусалдаг.

Далайн гаралтай бүтээгдэхүүн- Далайн бүтээгдэхүүн нь уураг болон С, В12 витамин, иод, омега 3-аар баялаг тул тархины үйл ажиллагааг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Хүнсний ногоо- Хүнсний ногоо уураар эсвэл шарах шүүгээнд жигнэж хэрэглэвэл тэжээллэг чанараа илүү хадгалдаг. Ялангуяа ногоон цэцэгт байцаа, хулуу, лууван, шанцай, сармис, ногоон сонгиныг оройн хоолонд идэхэд тохиромжтой.