Д.Баяраа: Цайр дутагдсан хүүхэд бүх төрлийн өвчинд өртөмтгий болчихдог.

Орой 10 цагаас шөнө дундын 3 цагийн хооронд өсөлтийн даавар ялгардаг. Энэ цагтаа сайтар унтаж амарсан хүүхдийн дархлалын систем хэвийн ажилладаг.

Монгол улсын гавьяат эмч, клиникийн профессор “УННББ” хүүхдийн эмнэлэгийн эмч Д.Баяраатай ярилцлаа. Бид хүүхдийн дархлаа болон хүүхдийг хэрхэн эрүүл чийрэг өсгөх талаарх сэдвийг хөндөн ярилцсан юм.

-Хүүхдийн дархлалын системийг эцэг эхчүүдэд энгийнээр тайлбарлахаас ярилцлагаа эхлэе?

-Хүний дархлалын систем гэдэг нь гадаад орчинтой харилцахад хамгаалдаг систем юм. Ерөөсөө эхийн хэвлийд усанд байсан ураг гарч ирээд л хуурай ширүүн орчинд дасахаас дархлалын систем хөгжиж эхэлдэг. Цэргүүд хил дээр харуулын манаанд зогсч эх орноо хамгаалдагтай адилхан гээд ойлгочиход болно. Хүний биед гаднаас нян орж ирэхэд дархлалын систем тэр цэргүүд шиг бие организмыг хамгаалж, тэмцэж байх үүрэгтэй. Мөн бидний бие эрхтэнд үүссэн хортой эсийг устгаж байх зориулалттай зүйл. Дархлалын системийн хүчээр л бид амьд явж байгаа. Арьс гэхэд бидний дархлалын системийн маш хүчтэй хамгаалагч.

-Тэгвэл юунаас болж дархлаа сулардаг юм бэ?

-Бидний бие тэр чигээрээ гуурс. Амны хөндийнөөс эхлээд бүдүүн гэдэс хүртэл бүгд ийм бүтэцтэй. Уушиг гэхэд тэр чигээрээ гуурс.Тэгвэл идсэн хоол хүнс организмд ороод цус гэдэг гуурсаар эс бүхэн рүү дамжиж бидний бие эрхтнийг тэтгэж байдаг. Харин бидний идэж ууж байгаа хоол хүнсээрээ хангалттай шим тэжээл авч чадахгүй бол дархлаа сулардаг. Энэ бол цаанаа эсийн түвшиндөө шим тэжээл дутагдаж байгаа хэрэг юм.

ДЭМБ-аас дархлаагаа сулруулахгүйн тулд тавагны зарчим баримтлахыг санал болгодог. Таны идэж буй хоолны тавагны тэн хагасыг нь ногоо эзэлж байх ёстой. Үлдсэнийг нь үр тариа мах, цагаан идээ эзэлдэг. Хоолноос бид ислэг, эрдэс бодис амин дэм, өөх тос, нүүрс ус авч байдаг. Гэтэл монголчуудын хэрэглээ эсрэгээрээ байна. Монголчууд уураг, өөх тос, нүүрс ух хангалттай авчихдаг. Харин ногоо, жимсээ хангалттай хэрэглэж чадахгүйгээс болоод эрдэс бодис амин дэмийн дутагдалд орчихсон. Энэ нь эргээд дархлаа сулрах хүүхэд эрүүл өсч бойжиход сөрөг нөлөө үзүүлж байна. Ялангуяа хүүхдэд ногоонд агуулагддаг цайр дутагдаад эхлэхээр бүх төрлийн өвчинд өртөмтгий болчихдог бол зэс дутагдвал цус багадан арьс цайраад эхэлчихдэг. Уг нь хүний бие маш бага хэрэгтэй ч дутагдахаараа том өөрчлөлт өгдөг юм.

-Тэгвэл хүүхдэд дан ганц бантангаар хооллох нь хор гэдэг нь үүнээс үүдэлтэй байх нь ээ?

-Ерөөсөө дээр дурьдсан тавагны зарчмаас бантан зөрөөд байгаа хэрэг л дээ. Зөвхөн гурил мах гэсэн 2 орцтойгоор хооллоод эхэлбэл хүүхдийн дархлаа аяндаа сулраад ирнэ. Хэрэв эцэг эхчүүд хүүхдэдээ солонгын 7 өнгөтэй ногоо оролцуулж хоолловол хэрэгтэй эрдэс бодисоо авч эрүүл өснө. Ногооныхоо заримыг гэхэд хэт болгохгүйгээр сайтар угааж хэрэглэх ёстой. Ялз чаначихвал мөн л эрдэс бодисоо алдчихна.  Тиймээс л малчин, тариаланчдад ирээдүй үр хойчоо бодож элдэв бордоо тариагаа зохистой хэмжээнд хэрэглэж байгаасай гэж хэлмээр санагддаг.

-Хоол тэжээлийн илүүдэл гэж бий юу?

–Монгол хүний биед ногоо дутаж, нүүрс ус, чихэр илүүдсэн. Өдөр тутамдаа хүүхдүүд кола, зайрмаг хэрэглэж байна. Гэтэл энэ нь цусан дахь нүүрс ус, элсэн чихрийн хэмжээг ихэсгэчихдэг. Үүнээс л олон төрлийн өвчин үүсч байна. Эсэд ямар ч хэрэгцээт тэжээл очихгүйгээр энергийн илүүдэл болгочихдог хэрэг. Монголчуудын гуравны нэг нь таргалалттай явж байгаагийн шалтгаан энэ. Тийм учраас дархлаа сайжруулахын тулд хоолны орцоо эргэж харахаас аргагүй.

-Дасгал хөдөлгөөн хүний дархлааг яаж сайжруулдаг юм бэ?

-Бидний биед тасралтгүй бодисын солилцоо явагдаж байдаг. Гэтэл жингийн илүүдэлтэй ирэхээр судас нь нарийсчихдаг учраас тэр дундуур явах хоол тэжээл зөөх элементүүд ажлаа хангалттай хийж чаддаггүй. Ингээд л эрхтэн систем доголдох эхлэл болно. Бидний бие дэх судас дэлхий тойрох хэмжээтэй байдаг. Тэр судсаар зүрх нэг удаа цусыг шахахдаа бидний бие эрхтэнд тэр бүр хангалттай тэжээл очиж чадахгүй. Харин булчин бүр жижиг зүрх шиг зүйлтэй байдаг. Тэр нь эсэд шим тэжээлийг хүргэдэг гэсэн үг. Хэрэв хүн дасгал хөдөлгөөн сайн хийвэл бодисын солилцоо сайжирч бие эрхтэнд хангалттай шим тэжээл хүрч чадна шүү дээ. Тийм учраас хүүхдүүд цаанаасаа хөдөлгөөн ихтэй байдаг юм. Хүүхдийг багаас нь хэт их хооллоод байвал насанд хүрсэн хойноо дархлаа султай, жингийн илүүдэлтэй болох магадлал маш өндөр.

-Хүүхдийн дархлаанд эцэг эхийн үг яриа маш чухал гэдэг. Энэ хэр нөлөөтэй зүйл вэ?

-Үг яриа маш чухал. Хүүхдийн бие дэх олон сая эсүүдэд сөрөг мэдээлэл очоод байвал химийн урвал явагдаад эргээд эсээ гэмтээчихдэг. Ингээд л дархлаа суларч эхэлнэ. Тийм учраас хүүхэдтэйгээ маш эерэг зөв харилцаарай гэж эцэг эхчүүдэд захимаар байна. Энэ бол витамин өгөхөөс ч дутахгүй дархлаа дэмждэг зүйл. Япончуудын аливаад хандах яс чанар хүмүүжилтэй нь, эцэг эхийн хандлагатай нь холбоотой. Тэд хүүхдээ сургуульд ортол нь цаг заваа зарцуулж зөв хүн болгохын төлөө мэрийдэг. Хүүхдэдээ аливаа зүйлийн утга учрыг түүртэлгүй тайлбарладаг, буруу зөвийг таниулдаг байж хүүхэд зөв хүн болно.

-Хүүхдийн нойр өсөлтөд ч дархлаанд чухал үүрэгтэй гэдэг. Ер нь хүүхдийг хэдэн цагт унтуулах ёстой вэ?

-Сүүлийн үед нойрны эмгэгтэй хүүхдүүд ихэссэн. Тархины цусан хангамж алдагдсантай холбоотойгоор төрсөн цагаасаа нойргүйдэж байна. Багаас нь эцэг эх, эмч болгон анхаарч эмчилгээг нь хийж байхгүй бол хожим нь бас л энэ төрлийн өвчнөөр шаналах магадлалтай.

Энэ бол дэлхийн эрдэмтдийн анхаарал хандуулж буй сэдэв. Орой 10 цагаас шөнө дундын 3 цагийн хооронд өсөлтийн даавар ялгардаг. Энэ цагтаа сайтар унтаж амарсан хүүхдийн дархлалын систем хэвийн ажилладаг. Гэтэл орчин үед хүүхдүүд орой унтдаг болжээ. Энэ нь том хүний хүүхдийн ч дархлааг сулруулж орхидог гол шалтгаан. Мөн хүүхдийн өсөлтийг удаашруулах гээд сөрөг талтай.

Амжилт гаргасан хүмүүсийг судлаад үзэхээр дандаа орой 10-аас хойш унтаж сурсан, өглөө алхдаг хүмүүс байдаг шүү дээ.

-Ус уух нь дархлаанд хэр нөлөөтэй вэ?

-Дархлалын системийн бас нэг чухал зүйл бол ус. Хүүхдийн биеийн 80 хувь, насанд хүрсэн хүний 70 хувь нь ус байдаг. Усыг хүүхдэдээ хангалттай уулгаж байж хүүхэд эрүүл өсч бойжно гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ цай болон ундаа хэлбэрээр биш дангаар нь өгөх нь чухал. Дээр нь бага зэрэг хужир хийгээд уухад ч гэмгүй. Ингээд уугаад сурчихвал дархлаа сайжирдаг. Уг нь дархлаа гэдэг эрүүл агаарт гарч, зөв хооллоод, сайн унтаж амраад байвал хэвийн байдаг зүйл шүү дээ.

-Эцэг эхчүүд дархлаа суларлаа гээд хүүхдэдээ витамин авч өгдөг. Энэ ер нь зөв үү буруу юу?

-Нэгэнт хоол хүнс, ногооноосоо эрдэс бодис амин дэмээ авч чадахгүй байгаа бол витамин хэрэглэж нөхөхөөс аргагүй. Зарим хүүхэд ногоо идэж чаддаггүй. Энэ тохиолдолд витамин өгч таарна. Гэхдээ дандаа витамин хэрэглээд байвал аюултай.

-Хүүхдээ яаж чийрэгжүүлэх ёстой вэ?

-Бид хүүхдээ агаар салхинд гаргах, голын усанд гүйлгэх гээд уламжлалт аргууд зөндөө бий. Усны ваннаар чийрэгжүүлэхдээ эхлээд 30-38 хэмтэй усанд суулгадаг. Ингээд өдөр өдөрт бага багаар хөргөж болно.

-Эмийн хэрэглээ дээр ээж аавуудад юу зөвлөх вэ?

-Аль болох эмээс татгалзаж бага дээр нь арга хэмжээ авахыг, эмчид хандахыг зөвлөе. Бид ер нь эмийн үйлдвэрийн дарамтанд орчихоод байна. Гарцаагүй тохиолдолд эмчийн зөвлөсөн эмийг өгөхөөс аргагүй. Бусад үед Монгол оронд ургасан жимс, ногоогоо ахиу хэрэглэж байх нь чухал. Антибиотик хэрэглэхгүй гээд эмийн ургамлыг дур зоргоороо хэрэглэх нь дутахааргүй сөрөг нөлөөтэй эцэг эхчүүд мэддэггүй.

-Залуу эцэг эхчүүдэд хандаж юу хэлмээр санагддаг вэ?

-Анзаарч байхад залуу эцэг эхчүүд хүүхдийнхээ тархины даралттайг бас сульдаа буюу рахиттай болчихсоныг мэддэггүй юм билээ. Бас хоол ундыг нь яаж тохируулж өгөх тал дээр мэдлэгтэй муутай байна. Үүнийг нь хэлж, багаас нь дархлааг нь суулгаж өгөхийг зөвлөдөг. Бас хүүхдээ хэт их бэгнэж байна. Эцэг эхчүүд 2 давхар цамцтай бол хүүхдээ нэг цамц өмсгөж өөрөөсөө сэрүүн байлга. Япон, Солонгос, Америкчууд гэхэд хүүхдээ дандаа хөл нүцгэн авч явж харагддаг. Энэ нь дархлалын системийг хэвийн болгодог давуу талтай. 

-Сүүлд хүүхдийн дархлаажуулалтанд нян ач тустай гэж уншсан. 

-Хүний бие 100 их наяд эстэй, 900 их наяд микробтой. Анагаах ухаан сайхныг хүртэл үүнийг мэдэхгүй микробтой л тэмцээд байж. Гэтэл 900 их наяд микробын 30 хувь нь бид нарт ашиггүй, 20 хувь нь хүний биед хэрэгтэй. Үлдсэн 50 хувь нь холимог гэж судалгаагаар гарсан. Гэтэл антибиотик их хэрэглэсэнтэй холбоотойгоор нөгөө өвчин үүсгэдэг микробууд өөрсдийг оролдоод эхлэхээр илүү хүчтэй болж хувирдаг. Тийм учраас дөнгөж өвдөнгүүт эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотикийг хэзээ ч хэрэглэж болохгүй. 

-Хүүхдийн эмчийн хувьд таныг эмзэглүүлдэг зүйлс юм вэ?

-Хүүхдийн мэдрэлийн ядаргаа, аутизмын асуудал сэтгэл эмзэглэдэг. Хүнд амьдралын үе мөчлөг гэж бий. Гэтэл тоглох насанд нь хэт их дугуйлан секцэнд хамруулж байна. Үүн дээр эцэг эхчүүд анхаарал хандуулахгүй эрдэм номтой ч эрүүл бус хүүхэд өснө гэдгийг ухаараасай.

Зарим хүүхэд тогтож сууж чаддаггүй, анхаарал нь төвлөрдөггүй юм бүрийг оролддог тал бий. Энэ бол хэт хөдөлгөөнт хам шинж. Хүүхэд мэдрэлийн ядаргааны эхний шинж тэмдэг илэрч байгаа хэрэг. Аутизмын хувьд эрт оношловол эмчлэгдэх боломжтой өвчин шүү дээ. Хүүхэд дөнгөж төрж эхлэсэн цагаас уураг тархи, мэдрэлийн систем бий болдог. Эхний 2 сард маш хурдтай буюу уураг тархины 25 хувь нь, дараачийн 2 жилд 25 хувь нь, 5 нас хүрэхэд 25 хувь нь бүрддэг. Тэгэхээр компьютер шиг суурь программыг нь сайн бага насанд нь сайн тавьж өгч байж хүүхэд эрүүл, зөв хүн болж өснө гэдгийг эцэг эхчүүд маань ойлгох хэрэгтэй байна.