Артерийн даралт ихсэх өвчин буюу даралт яагаад ихэсдэг вэ?

Артерийн даралт ихсэлт гэж юу вэ?
Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал юм.

Артерийн даралт ихсэх өвчин гэдэг нь сүүлийн хоёр долоо хоногт артерийн /цусны/ даралт бууруулах эм хэрэглээгүй үед агшилтын буюу систолын даралт /дээд/ нь 140 мм.муб буюу түүнээс дээш, сулралын буюу диастолын даралт /доод/ нь 90 мм.муб буюу түүнээс дээш ихэсдэг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн шинж бус анхнаасаа бие даан үүсэж байгаа өвчин юм.

Оношилгооны шалгуур
-Долоо хоногт хоёр удаа артерийн даралтыг хэмжихэд систолын даралт /дээд/ 140 мм.муб, диастолын даралт /доод/ 90 мм.муб-с ихэссэн байвал артерийн даралт ихсэлт гэж үзнэ.

Даралт ихсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс:
Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь
• Анхдагч /95 хувь/
• Хоёрдогч /5 хувь/ гэж ангилдаг. Анхдагч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүй байдаг ба блон төрлийн эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг.

Хоёрдогч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаантай, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдлаар илэрдэг. Жишээ нь, Бөөрний өвчний үед даралт ихсэх нь тухайн өвчний нэг үндсэн шинж тэмдэг юм.

Артерийн даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлс:
• Удамшил
• Нас
• Хүйс
• Таргалалт
• Архи хэтрүүлэн хэрэглэх
• Тамхины хэрэглээ
• Натри, кальци, магнийн хэрэглээ их байх
• Сэтгэлийн хямрал буюу стресс
• Жирэмснээс хамгаалах эм хэрэглэх зэрэг болно.

Артерийн даралт ихсэлтийн эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг засаж болох, засаж болохгүй гэж хоёр ангилдаг.

Засаж болохгүй эрсдэлт хүчин зүйлүүдэд:
• Удамшил
• Нас
• Хүйс зэргийг хамруулах ба бусад нь засаж болох эрсдэлт хүчин зүйлэд хамрагддаг байна.

Удамшил:
Удамд нь артерийн даралт ихсэх эмгэг байсан бол анхдагч артерийн даралт ихсэх өвчнөөр өвчлөх магадлал хоёр дахин их байна.

Хүйс:
Эрэгтэй хүйс, эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа даралт ихсэх магадлал өндөр болдог.

Нас:
Нас ахих тусам артерийн судасны хатуурал нэмэгдэж, барорецепторын мэдрэх чадвар бууран зах хязгаарын эсэргүүцэл нэмэгдэж, бөөрний цусан хангамж багасдаг.

Таргалалт:
Илүүдэл жинтэй, тарган хүнд артерийн даралт ихсэх нь хэвийн жинтэй хүнээс хоёр дахин, бага жинтэй хүнээс гурав дахин илүү байх магадлалтай гэж үздэг. Биед хуримтлах өөхний байрлал нь артерийн даралт ихсэхэд их нөлөөтэй. Бүсэлхий ташааны харьцаа нэмэгдэх нь артерийн даралт ихсэхтэй шууд холбоотой. Тарган хүн жингээ хасвал артерийн даралт буурна.

Архины хэт хэрэглээ:
Артерийн даралт ихсэх тохиолдлын арваас илүү хувь нь архины хэрэглээтэй шууд холбоотой байдаг.

Тамхины хэрэглээ:
Тамхи нь эрүүл мэндэд асар их хортой, цагаас эрт үхэлд хүргэдэг гол эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Хөгжиж буй орнуудад тамхины компаниуд хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг тамхи хэрэглэхгүй байх талаар маркетингийн хүчтэй бодлого явуулж байна. Тамхинаас шалтгаалсан 40 гаруй өвчин, 20 орчим төрлийн хавдар байгааг шинжлэх ухаан аль хэдийн нотолсон юм. Тамхины хооронд зөвхөн тамхичид төдийгүй түүний дэргэд байгаа хүмүүс нэрвэгддэг.

Давсны хэрэглээ их байх
Давс нь хүний бие махбодид шаардлагатай боловч түүнийг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх өвчин, түүний хүндрэл болох тархинд цус харвах, зүрхний титэм судасны хурц дутагдал, мөн бөөрний өвчинд өртөх өндөр эрсдэл дагуулдаг нь нэгэнт нотлогдсон юм. Иймд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт цайны халбаганы талаар буюу 2-3 гр давс, хүүхэд түүнээс багаар хэрэглэхийг зөвлөж байна.

Сэтгэлийн хямрал буюу стресс
Стрессийн үед хүний биед адреналин хэмээх даавар их хэмжээтэй ялгардаг. Адреналин нь зүрхний цохилтыг хурдасгаж түргэсгэх, судас агшаах үйлчилгээтэй учраас хүн удаан хугацаанд стресстэй явсны улмаас цусны даралт ихсэх эрсдэлд өртдөг байна.

Жирэмснээс хамгаалах эм хэрэглэх
Ихэнх жирэмснээс хамгаалах эм, бэлдмэлүүд нь гормоны найрлагатай байдаг бөгөөд эдгээр нь артерийн жижиг судасуудыг агшаадаг. Иймд ахимаг насны /35-с дээш/ болон биеийн жингийн илүүдэлтэй эмэгтэйчүүдэд даралт ихсэх магадлал илүү байдаг байна.

Даралт ихсэх өвчинтэй холбоотой тоо баримт
Өнөөдөр дэлхий дээр 1,5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовиуртай амьдарч байна. Түүнээс 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтанд өртөж, 3,3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байна. Цусны даралт ихсэх өвчнийг хүн төрөлхтөний чимээгүй алуурчин гэж үзэж байгаа ба зүрх судасны өвчнүүдийн дотроос хамгийн гол өвчинд тооцогддог. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах шалтгааны 64, зүрхний шигдээсийн шалтгааны 49 хувийг эзэлж байна.

Артерийн даралт ихсэх өвчний үеийн шинж тэмдгүүд
Артерийн даралт ихсэх өвчнийг явц байдлаар нь I, II, III үе гэж ангилдаг.
Артерийн даралт ихсэх өвчний үед үе шатаасаа шалтгаалан дараах шинж тэмдгүүд илэрнэ.

I үe
– Артерийн даралт 140/90-159/99 мм.муб
– Толгой өвдөх, дүйрэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрнэ.
– Эрхтэн системийн талаас эмгэг өөрчлөлт илрэхгүй.

II үе
– Артерийн даралт 160/100-179/109 мм.муб
– Толгой өвдөх, дүйрэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрнэ.
– Эрхтэн системийн талаас зүрх зүүн тийшээ томрох, нүдний угийн артер нарийсах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

III үе
– Артерийн даралт 180 мм.муб-аас их болох
– I, II үед илрэх шинжүүдээс гадна эрхтэн системийн өөрчлөлт гүнзгийрч, бүтцийн өөрчлөлтүүд бий болж, хүндрэл үүсэж эхэлдэг байна.

Үүнд:
– Зүрхний үйл ажиллагааны дутагдал /амьсгаадах, хавагнах, судасны цохилт олшрох/
– Тархины үйл ажиллагааны өөрчлөлт /ой тогтоолт муудах, мартамхай болох, хэл орооцолдох/
– Тархинд саа, саажилт үүсэх
– Нүдний угт цус харвалт, хаван үүсэх
– Бөөрний уйл ажиллагааны дутагдал үүсэх /ам цангах. шөнө ихээр шээх, өдрийн шээс багасах, бие ядрах, цусны даралт байнга өндөр байх, махан хоолонд дургүй болох/

Даралт ихсэх өвчний хүндрэл 
Хэрэв таны цусны даралт ихэсдэг бол даралтаа тогтмол хянаж, эмчийн зөвлөгөөг аваарай. Удаан хугацаагаар цусны даралт ихсэх нь
– Зүрхний шигдээс
– Тархинд цус харвах
– Бөөрний дутагдал зэрэг хүндрэлд хүргэх эрсдэлтэй байдаг.

Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээний зарчим
Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээний гол зарчим нь цусны даралтыг хэвийн түвшинд байлгаснаар зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэх явдал юм.

Эмчилгээг ерөнхийд нь эмийн бус эмчилгээ, эмийн эмчилгээ гэж хоёр хувааж үздэг.

Эмийн бус эмчилгээ нь үндсэндээ дээр дурдсан засаж болох эрсдэлт хүчин зүйлсийг эмчлэх явдал байдаг.

Биеийн жингээ хянах
Хэрвээ таргалалттай бол биеийн жинг аажмаар бууруулах. Эрдэмтэд биеийн жинг 3 кг-аар бууруулахад цусны даралт 7/4 мм.муб-аар буурч байгааг тогтоосон ба хэрвээ 12 кг-аар бууруулбал 21/13мм.муб-аар буурах боломжтой юм.

Биеийнхээ жин, өндрийг зөв хэмжсэний дараа биеийн жингийн индексийг тодорхойлох томъёог ашиглан, жингийн индексээ мэдэх нь хамгийн чухал юм. Биеийн жингийн индексийг тодорхойлох томъёог та бүхэнд тайлбарлая.

БЖИ=Жин/кг/ : (өндөр х өндөр /м/)

Таны БЖИ нь:
A. 18,5-24,9 гарсан бол хэвийн жинтэй
Б. 25-29,9 бол илүүдэл жинтэй
B. 30-аас дээш бол таргалалттай гэж үзнэ. Жишээ нь 1.70 см өндөртэй 80 кг жинтэй хүн гэж үзвэл 80:(1.70х1.70)=27.6 байна. Үүнээс үзвэл та илүүдэл жинтэй байна.

Тамхи татахаа болих
Тамхины нөлөөгөөр норэпинефрин хэмээх гормон бүх судсыг агшаадаг бөгөөд тамхи татахаа больсноор судасны агшилт багасч, цусны даралт буурдаг байна. Хоногт нэг хайрцаг янжуур татах нь зүрхний шигдээс үүсгэх гол эрсдэл болдгийг судалгаагаар тогтоосон.

Архины хэрэглээг хязгаарлах Архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас бөөрний судасууд агшиж, бөөрнөөс цусны даралтыг ихэсгэх үйлчилгээтэй ренин хэмээх бодис ихээр ялгардаг. Архины хэрэглээг хязгаарласнаар цусан дахь ренины хэмжээ багасч, цусны даралт буурдаг байна.
Давсны хэрэглээг бууруулах

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу насанд хүрсэн хүн хоол хүнсэндээ өдөрт цайны халбаганы талаар буюу 2-3 гр, хүүхэд түүнээс бага давс хэрэглэх нь зүйтэй.

Хоол хүнсэндээ ханасан өөх тосны хэрэглээг бууруулах
Ханасан өөх тосоор баялаг хоол хүнс болох тослог ихтэй сүү, өрөм, хайлмаг, бяслаг, өөхтэй мах, цөцгийн тос, өндөгний шар, дотор мах, тосонд хайрсан хоол, нарийн боов, амьтны гаралтай өөх тоснууд нь судасны хатуурлын гол шалтгаан болж, судасны бөглөрлийг үүсгэж, амин чухал эрхтэнүүдэд очих цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг.

Иймд эдгээр хүнсний зүйлийн хэрэглээг бууруулж, ханаагүй өөх, тосоор баялаг оливын тос, ургамлын тос, маргарин, загас, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх, шарсан хайрсан хоол хэрэглэхээс татгалзах нь цусан дахь холестрол буюу өөх тосны хэмжээг бууруулна.

Өдөр бүр 30 минутаас доошгүй хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх
Явган явах, гүйх, дугуй унах, усанд сэлэх гэх мэт. Харин хэвтээ байрлалд дасгал, хөдөлгөөн хийвэл даралт ихэсдэгийг анхаарах хэрэгтэй.