Хүүхдийн хоолны дуршлыг яаж сайжруулах вэ?

Та хүүхдэдээ хоол идүүлэх гэж аягатай хоолоо бариад, хүүхдийнхээ хойноос гэрээ тойроод л яваад байна уу? Сэтгэлээр бүү уна, ганцхан та ингэж байгаа юм биш!

Хүүхэд бүрт наснаасаа хамааран идэх ёстой хоолны хэм хэмжээ гэж бий. Гэвч ихэнх хүүхдэд хоол идүүлэх нь тийм ч амаргүй байдаг. Мэргэжилтнүүд хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх олон арга байдаг бөгөөд энэ аргуудыг ашиглан хүүхэд хооллох зовлонгоос ангижирч болохыг анхааруулж байна.

 

Хоолны зураг үзүүл: Англид хийсэн судалгаагаар хүүхдэд идүүлэх гэж буй хоолныхоо зургийг үзүүлэх нь үр дүнтэй байдаг гэжээ. Английн сэтгэлзүйчид байнга жимс, ногооны зураг үзэж байдаг хүүхэд өдөр тутамд иддэггүй энэ ногоонуудыг идэх сонирхолтой болдог гэдгийг олж илрүүлжээ.

 

Сонголтыг олшруул: Хоолоо бэлтгэж тавиад хүүхдийнхээ идэх дуртай зүйлсээс тавь. Магадгүй зарим хүүхэд ганцхан төрлийн хоолоор шахуулах дургүй байдаг. Харин өөр сонголт, төрлүүд байвал наад зах нь бага багаар идэхэд л хангалттай шүү дээ.

 

Ширээгээ сайхан засах: Хүүхдийн хувьд ширээний засалт чухал үүрэгтэй. Ялангуяа гоё харагддаг, сонирхлыг нь татахуйц хоолыг дуртай иддэг. Аль болохыг хоолыг нь бэлтгэж өгөхдөө өнгө, үнэр, таваглалт зэрэгт анхаарах хэрэгтэй.

 

Өөрөөр нь идүүл: Хүүхэд томчуул шиг аашлах их дуртэй байдаг. Хэрвээ хүүхэд тань өөрөө хоолоо идэх гээд зүтгээд байвал, өөрөөр нь идүүлчих. Асгаж цутгаад, идсэн ч юмгүй гэж гоморхох хэрэггүй. Асгаж цутгаад ч хамаагүй хоолоо дуртайяа, амтархан идэхэд л хангалттай.

 

Чихэр шоколадыг нь хоригло: Английн Оксфордын их сургуулийн хийсэн нэгэн судалгаагаар чихэр, шоколад нь хүүхдийн хооллолтонд сөрөг нөлөөлөхөөс гадна сурах чадварыг удаашруулж, хүүхдэд зан төлөвийн доголдол үүсгэдэг гэдэг нь тогтоогджээ.

 

Бусад хүүхдүүдтэй битгий харьцуул: Хоолны дуршлын хувьд хүүхэд бүр өөр өөр байдаг. Зарим хүүхэд юу л бол юу идээд байдаг бол зарим нь яг эсрэгээрээ. Иймээс хүүхдээ бусдын хүүхэдтэй бүү харьцуулж бай.

 

Өлсгөхөөр нь хоолло: Хоолны цаг болсон ч гэлээ хүүхэд чинь өлсөөгүй бол хооллох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Харин үүний оронд түүнийг тоглоом, хөдөлгөөнөөр ядрааж, энерги зарцуулалтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

Гадны нөлөөг анхаар: Хүүхэд хооллож байхад эргэн тойронд хүүхдийн анхаарлыг сарниулах зүйл байлгаж болохгүй. Анхаарал нь өөр газар байгаа хүүхэд байнга хөдөлж, суудлаасаа босох гэж өндөлзөнө. Иймээс зурагтаа унтраагаад, түүнийг аөнхаарлыг татах бусад зүйлсийг холдуул.

 

Өвдсөн байх магадлалыг тооцоол: Зарим үед хүүхдийн бие тавгүйтэхэд хоолны дуршил нь сулардаг. Өндөр халуурах, чих өвдөх, хоолой өвдөх, амьсгалын замыг боосон ханиад томууны үед хүүхдийн хоолны дуршил их буурдаг.

 

Гэрийн уур амьсгалыг намжаа: Гэртээ болж буй хэрүүл уруул, сэтгэл гэгэлзүүлсэн маргаан зэрэг нь хүүхдийн хоолны дуршилд нөлөөлдөг. Зарим тохиолдолд ах дүүс хоорондын атаархал ч сөрөг нөлөөтэй байх нь бий.