Үснийн ерөнхий төлөв нь хүний биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой бөгөөд хүний биед явагдаж байгаа элдэв өөрчлөлтийг үс маш соргогоор хүлээж авдаг. Ядаргаа, сэтгэл санааны хямрал, халдварт өвчин, дотоод эрхтний үйл ажиллагааны хямрал, амин дэм, эрдэс бодисын дутагдал зэргээс үс өнгөө алдаж, унах нь ихэсдэг.
УГААХ
Үс арчилгаа нь зөв угаалтаас эхэлнэ. Үсийг 50-55 хэмийн халуун бүлээн усаар угаах нь тохиромжтой. Шампунийг гар дээрээ хөөсрүүлэн үсэндээ тарааж түрхээд, тойрог хэлбэрээр зөөлөн илж угаавал хуйхны цусан хангамжийг сайжруулдаг. Хуйхны баахан гэмтэл ч арьсанд нян үржих нөхцөл болдог тул хуйхыг маш сайн хамгаалж байх хэрэгтэй юм. Үс угаалтанд усны чанар мөн их нөлөөтэй. Хоолойгоор дамжиж ирдэг ус нь төрөл бүрийн нэмэлт бодис, төмрийн агууламж ихтэй, хатуулаг тул үсийг хуурайшуулж, хагтуулах, хугарамтгай болгох сөрөг нөлөөтэй. Тиймээс буцалсан усанд сод нэмж зөөлрүүлсэн, эсвэл бороо, цасны усыг хэрэглэж сурах хэрэгтэй. Үсийг угаасны дараа нойтноор нь зөөлөн дарж усыг нь шингээгээд, бага зэрэг халаасан алчуураар малгайлан ороовол зохино. Хэт нойтноор самнах нь үсийг сунган, намирсан, хөвсгөр байдлыг нь алдагдуулж, хугарамтгай болгодог. Сэвэрсэн хойно нь аль болох олон удаа самнаж хатаах нь зүйтэй.
ТЭЖЭЭЛ ӨГӨХ
Үсний эрүүл, бат бөх байхад цайр хамгийн чухал. Цайр нь үсийг эрдэс бодисоор хангаж, уналтаас сэргийлдэг. Мах болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагдана. Уураг үсийг бэхжүүлж, гадны элдэв хорт нөлөөнд тэсвэртэй байх чанарыг бүрдүүлж өгдөг. Төмөр үсний уутанцрыг хүчилтөрөгчөөр хангадаг чухал эрдэс. Улаан мах, хар ногоон өнгөтэй хүнсний ногоонд элбэг байдаг. Зэс нь үсний будагч бодисын үйл ажиллагаанд оролцоно. Элэг, шинэ хүнсний ногоо, самарт ихээр байна. А аминдэм нь үсний хугаралтаас сэргийлнэ. Лууван гэх мэт олон хүнсний ногоонд элбэг байдаг. В, С аминдэм нь үсний өнгийг сэргээж илүү тод өнгөлөг болгодог. Эдгээр үсний тэжээлийг хоол хүнсээрээ дамжуулан нөхөхөөс гадна байгалийн шимт бодисуудыг ашиглаж гадна талаас нь түрхэж хэрэглэж болно.
Comments