Могойд хатгуулахад үзүүлэх анхны тусламж
Могойг хортой, хоргүй гэж ялгана. Ихэнх тохиолдолд хүмүүс могой, өвсөнд хатгуулсанаа ялгаж мэддэггүй. Хэрэв хортой могойд хатгуулсан бол тун богино хугацаанд хатгасан газар нь хавдаж маш жижигхэн шарх үүсч, ганц дусал цус бултайсан байна. Өвс ногоонд хатгуулахад хавдддагүй. Ичээнээс гарах үеийн могойд хатгуулвал хордох нь илүүтэй.
Үзүүлэх тусламж
Могойд хатгуулсанаа мэдмэгц боломжтой нөхцөлд ирмэг нь арзгар бус, шил сав буюу бумбаар бумбадана. Ихэнхдээ өөрөө буюу бусдаар могойн хорыг аль болох түргэн соруулж нулиман хаяж амаа зайлвал зохино. Хэрэв хөлд хатгасан бол хөлтэй нь барьж, гарт хатгуулсан бол тохойтой нь нугалж бооно. Энэ нь могойд хатгуулсан мөчний судсаар бие махбодид хор богино хугацаанд тархахаас сэргийлнэ. Түүнчлэн гар хөлдөө хатгуулсан бол нэлээд удаан хугацаагаар хүйтэн усанд дүрэх хэрэгтэй. Бололцоотой газарт бол өтгөвтөр найруулсан марганцтай даавуу, самбаа тавьж бооно. Хатгуулж хавдсанаас дээхнүүр хэсгээр чангалуур боолт тавьдаг нь буруу. Могойд хатгуулсан хүнд шингэн аль болох ихээр өгнө. Харин спиртлэг ундаа уулгахыг хориглоно. Зарим тохиолдолд дээрхи арга хэмжээг цаг алдаж авбал могойд хатгуулсан хүн богинохон хугацаанд хордох тул амь насанд нь аюул учирч болохыг анхаарах хэрэгтэй .
Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж
Усанд унах, живэх гёдэг нь үйлдлийн хувьд ялгаатай боловч учирах аюулын тухайд ижил ойлголт юм. Энэ үед амьсгалын ба хоол болорвсруулах эрхтэний замаар ус дүүрсэнээс болж амьсгалын дутагдлаас болж амь нас алдах аюулд хүргэнэ. Усны гүнзгий болон гүехэнээс огтхон ч шалтгаалахгүй судаснууд гэнэт агшсанаас усан дотор зүгээр явж байсан хүн гэнэт ухаан алдах тохиолдол байна гэж эрдэмтэд үздэг. Иймээс усанд унавал дээрхийн адилаар амьсгал, хоол боловсруулах замаар ус орох нь лавтай. Иймд учирах аюул ижилхэн.
Үзүүлэх тусламж
Усанд унасан даруй аль болох түргэн хугацаанд уснаас гаргах, гаргасан хойноо маш яаралтай амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус болон гадны биетийг /элс шороо зэргийг/түргэн гаргана. Үүний тулд толгойг уруу харуулан аюулхай доор нь ивээс хийж, цээжин талыг дор, байрлалд хэвтүүлэх бөгөөд тэгэхдээ толгойг нь хажуу тийш нь харуулсан байвал зохино. Усыг гаргахдаа хэд хэдэн янзаар гаргах ёстой. Хэрэв ганц хүн бол өөрөө өндөр юман дээр сууж, өвдгөө ачаад усанд унасан хүний аюулхайн орчимд дээд хөлийн өвдөгийг тааруулж, унасан хүнийхээ толгойг доош унжуулж зүүн гарын гурван хурууг амруу нь хийж ангайлган хэлийг татаж, баруун гарын алгаар доороос дээш нуруунаас толгой руу илнэ. Хэрэв хоёроос дээш хүн бол тусламж үзүүлэх боломжтой бол нэг нь хүнээ уруу харуулж, нөгөө нь хэвлий, аюулхай орчимд ивүүр болж, дараа нь дээрх маягаар усыг гаргаж болох юм. Усанд унасан хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд амьсгал хоол боловсруулах замаар орсон гадны биетийг гаргана гэвэл болохгүй. Нэгэнт амьсгал хоол боловсруулах замаар орсон усыг гаргасан гэж үзвэл / бүрэн гаргах шаардлагатай бөгөөд эхний болон сүүлчийн удаа амны хөндий, хамрын нүхийг цэвэрлэж бүрэн чөлөөлсөн байна/ зохиомол амьсгал хийнэ. Тусламж үзүүлж байгаа хүн хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Усанд унасан хүнийхээ царайны байдал /хөхрөх, цайх, ягаарах/ амьсгалын байдал /олон, цөөн, чөлөөтэй, саадтай эсэх/ судасны лугшилт зүрхний цохилтийг болон бөөлжүүлж байгаа эсэхийг сайтар хянавал зохино. Усанд унасан хүнийг 2 янзаар зөөнө.
1. Толгойг хажуу тийш харуулж аюулхай орчимд нь ивүүр хийж түрүүлэг нь харуулж хэвтүүлээд дамнуургаар зөөнө.
2. Ганцхан хүн үүрч зөөх нь хамгийн ашигтай бөгөөд нэг ёсны тусламж үзүүлсээр, зөөсөөр яваа хэрэг юм. Учир нь зөөж яваа хүний аль нэг мөр аюулхай доор нь таарч, толгой унжиж, биеийн жингээр дарснаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус, гадны биет зөөх хугацаанд гарсаар байх болно.
Зөгий, шар зөгий бусад шавьжинд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж
Хатгасан хэсэгт өвдөх хорсох ба улайж хавагнасан байна.
Үзүүлэх тусламж:
Хэрэв зөгийн хатгуур арьсанд үлдсэн байвал түүнийг авч хаяна. Хатгуулсан хэсэг дээр усаар нэг дахин шингэлсэн архи, үнэртэй усаар норгосон боолт хийнэ. Хэрэв үнэртэй ус, архи, спирт аль аль нь байхгүй бол энгийн содтой усаар жин тавьж болдог.
Нарны ба дулааны цохилтын үед үзүүлэх анхны тусламж
Толгой нүцгэн удаан хугацаагаар хурц наранд явснаас наршиж болно. Ийм байдал удаан хугацаагаар агааржуулалт муутай чийглэг өрөөнд халууцаж, резин буюу нийлэг эдээр хийсэн хувцастайгаар хүнд ажил хийх, халуун нартай өдөр удаан гадаа байсан үед тохиолдоно. Эдгээр зохисгүй нөлөөнүүд дулаан үүсэх ба ялгаруулах зохицуулалтыг өөрчилж бие махбодийн амьдралын үйл ажиллагаа хямрахад хүргэнэ. Ийм байдлыг нарны буюу дулааны цохилт гэнэ. Нарны буюу дулааны цохилтын үед залхуу хүрэх, бие сулрах, нүд эрээлжлэх, толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, судасны цохилт түргэсэх зэрэг шинжүүд илэрнэ. Хамраас цус гоожих, огиулах, бөөлжих, ухаан алдах, дэмийрэх байдлууд ажиглагдаж болно. Нарны болон дулааны цохилтыг танихад хүнд биш юм. Орчны нөхцөл, насны онцлогууд, өвчтөний өгүүлэмжийг сайн анхаарах хэрэгтэй.
Анхны тусламж:
Дараах дэс дарааллаар тусламж үзүүлнэ. Үүнд: Өвчтөнийг сэрүүн газар буюу сүүдэрт авчирч хувцсыг нь тайлна. Чийглэг даавуугаар сэвэх, нойтон даавуугаар их бие, толгой мөчдийг нь ороож хүйтэн унд уулгана. Зүрх судас, амьсгалын эрхтэн системийн алдагдлын шинж тэмдэг илрэх үед зүрхэнд массаж хийх, зохиомол амьсгал хийх хэрэгтэй. Хүнд үед эмнэлэгт яаралтай хүргэж хэвтүүлнэ. Хурц нартай үед толгой нүцгэн удаанаар явах, агааржуулалт муутай чийглэг өрөөнд резин ба нийлэг эдээр хийсэн хувцастайгаар удаанаар халууцан ажиллах зэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн толгой цээжээ хүйтэн усаар норгож байх нь сайн нөлөө үзүүлнэ.
Comments