ЭЛСЭН ЧИХЭР ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСНООР…

Та өдөрт хэр их хэмжээний элсэн чихэр хэрэглэдэг вэ?

Чихрийн агууламж ихтэй  бүтээгдэхүүн  хэрэглэдэг үү?

Их хэмжээгээр чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх нь жин нэмэх, хөгширөлтийг түргэсгэх шалтгаан болдог. Хоол хүнснээсээ  зөвхөн илчлэг аваад зогсохгүй бидний биед амин дэм өгч, энергиэр тэтгэдэг шим тэжээл авах хэрэгтэй. 

Хэдий ийм боловч бидний ихэнх нь чихрийн агууламж өндөртэй бялуу, төрөл бүрийн чихэр, ундаа хэрэглэж байгаа маань эрүүл мэндийн олон асуудал үүсгэх шалтгаан болжээ.

Огт чихэр хэрэглэх боломжгүй ч жимс жимсгэнэ, хүнсний ногооны төрлийн бүтээгдэхүүнээр чихрийн хэрэглээгээ орлуулж болно.

Яагаад эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болох хэрэгтэй талаар зөвлөнө вэ?

Эрүүл биед саруул ухаан оршино.

Эрүүл хүн бодож сэтгэх, хийх үйлдэхтэй эрч хүчтэй сэтгэл хангалуун байж чаддаг бол өвчтэй хүний бодол санаа тогтворгүй, үйл хөдлөл удаан байдаг. Угтаа бидний хэн ч өвчинд баригдаж зовохыг хүсдэггүй атлаа өөрийн мэдэлгүй буруу дадал зуршил, буруу хооллолтоос болж биеэ өвчлүүлэх нь олонтаа.

Хүн өдөрт  9 амны халбага элсэн чихэр хэрэглэхэд зохимжтой аж. Харин та хэр хэмжээгээр хэрэглэдэг вэ?

Америк улсад  явуулсан судалгаагаар насанд хүрсэн америк хүн өдөр тутам 22 халбага, хүүхэд 32 халбагатай тэнцэх хэмжээний элсэн чихэр  хэрэглэдэг байна. 

Ийм л муу зуршлаас салахад, нэн ялангуяа элсэн чихрийн хэт хэрэглээгээ бууруулснаар танд дараах эерэг өөрчлөлт илэрнэ.

 Зүрх эрүүлжинэ

Нэмэлт чихрийн хэрэглээ мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлдэг инсулины хэмжээг нэмэгдүүлж цусны даралтыг өсгөн зүрхний хэм алдагдахад хүргэдэг.  Зүрх судас судлаач эрдэмтдийн хэлж буйгаар бол хэт их чихэр хэрэглэхээ больсноор зүрх судасны өвчин гурав дахин багасна.

Их хэмжээний элсэн чихрийг элэг шингээж чадалгүй судсанд шахдаг. Зүрх судасний өвчин үүсгэгч гол шалтгаан өөх тос хэмээн үздэг байсан бол судалгаагаар элсэн чихрийн их хэрэглээ нь энэ өвчнийг үүсгэдэг болохыг баталжээ.

Арьс толигор болно

Америкийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар огт хийжүүлсэн ундаа хэрэглэдэггүй хүн  нэг удаа 300 миллиграмыг уухад биед үрэвсэл гарах хэмжээ 87% болтлоо өссөн байна.

Эл үрэвсэл биеэнд хорт бодис ялгаруулдаг. Хорт бодис  тархсанаар батга, улаан гүвдрүү гардаг аж.

Элсэн чихрийн хэрэглээгээ багасгаснаар арьс толигор, зөөлөн болдог.

Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ

Нэмэлт чихэр нь элэгийг өөхлүүлж, нойр булчирхайн үйл ажиллагааг доголдуулдаг .  Нойр булчирхай нь инсулины агууламжийг хэвийн түвшинд байлгадаг учир их хэмжээгээр чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэснээр элэг, нойр булчирхай ачааллаа дийлэхээ больж чихрийн шижин тусах эрсдэл 11 дахин нэмэгддэг байна.

Стресс, уур бухимдлаас ангижирна

Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх нь эхэндээ амттай, сайхан санагдаж болох ч  их хэмжээгээр хэрэглэдэг хүний хувьд аяндаа ааш зан тогтворгүй болж, сэтгэлийн зовиур ихэсч, уур уцаартай болдог байна.

Тав тухтай нойрсох

Шөнө унтаж амархад саад болдог кортизолын (бөөрний дээд булчирхайн даавар) хэмжээг нэмэлт сахарын хэрэглээ ихэсгэдэг.  Мөн бие сульдааж өдрийн цагт нойрмог идэвхгүй болгодог. Элсэн чихэр  хүний нойрны давтамж, энергийн түвшинд нөлөөлдөг төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Чихрийн хэрэглээгээ  багасгаснаар тав тухтай унтаж амрах болно.

Ой тогтоолт сайжирна

Элсэн чихэр нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд саад болж тархинд нөлөөлдөг.  Эрдэмтдийн амьтан дээр хийсэн туршилтаар их хэмжээний чихэр нь ой тогтоолт, тархины үйл ажиллагааг доголдуулдаг байна. Улмаар тархины эсийн харилцан хамааралд нөлөө үзүүлдэг аж. Энэ нь тархины үйл ажиллагааг удаашруулах, ой тогтоолт муудахад хүргэж болзошгүй бие дахь бодисын тэнцвэрийг алдагдуулдаг байна.  Нэмэлт чихэрлэг бүтээгдэхүүнээ багасгах тусам ой тогтоолт сайжирна.

Танд амжилт хүсье.