Д.БЯМБАДАЛАЙ: ШИНГЭН ТОГТМОЛ УУЖ БУЙ ХҮҮХДИЙН ДАРХЛАА ТЭНЦВЭРЖИЖ БАЙДАГ

-Тун удахгүй хүйтний эрч чангарч эхлэх нь. Эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчин, ханиад хүрэх нь элбэг байна. Энэ тал дээр та мэдээлэл өгөхгүй юу?

-Томуу, томуу төст өвчний 95 хувь нь вирусээр үүсгэгддэг. Ерөнхий илрэх шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, бие арзайх, булчин үе мөчөөр өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Бага насны хүүхдэд халуурах шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын дээд замын үрэвсэл болж, нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах, найтаах, хоолонд дургүй болох зэрэг ерөнхий шинжүүдээр мөн илэрдэг. Манай орон хүйтэн сэрүүний орон учраас есөөс дөрөвдүгээр сарын хооронд ихэвчлэн ханиад томууны улирал зонхилж байдаг. Ханиад томуу үүсгэдэг вирус нь өөрөө 200 гаруй вирусээр үүсгэгдэж байдаг учраас хүүхэд жилд дор хаяж 7-9 удаа ханиад томуу хүрч болно. Ингэж өвдөхдөө хүнд тусахгүйгээр хөнгөн тусдаг. Ханиад томууны улирал эхэлж байгаа энэ үед хамгийн гол нь эцэг, эхчүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш сайн авах хэрэгтэй. Өвдсөн хойно нь биш, харин өвдөхөөс урьтаж сэргийлэх хэрэгтэй.

-200 гаруй вирусээс түлхүү илэрч байгаа ямар вирус байна вэ?

-Манайд долоо хоног бүр томуугийн тандалтын мэдээ ирдэг. Энэ долоо хоногт ийм ийм вирус идэвхжилт өндөртэй байна гэхчлэн мэдээ ирдэг л дээ. Одоо зонхилон ИЖ томуугийн вирус идэвхтэй байна. RS вирус нь харьцангуй бага. ИЖ томуугийн вирус гэдэг нь ларингит шинжээр илэрдэг. Энэ вирусийн дэгдэлт их байгаа нь хүүхдүүд үүгээр түлхүү өвдөх магадлалтай гэсэн үг. Тиймээс судалгаан дээр үндэслэн бид урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах юм. Бүх вирусууд ихэвчлэн амьсгал болон ахуйн замаар дамждаг. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэхээр хүүхдүүдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, зайлшгүй авч явах тохиолдолд амны хаалт зүүлгэх шаардлагатай. Ханиалгаж, найтаах, харилцан ярихад агаар дусал буюу амьсгалын замаар 60-100 мянган дусал шүлс цацагдаж байдаг. Эдгээр нь хүүхдийн хэрэглэж байгаа аяга, халбага, тавилга, эд хогшил, тоглоомон дээр наалдаж байдаг. Тиймээс эцэг, эхчүүд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх шаардлагатай. Ер нь хлорамины уусмал болон ахуйн нөхцөлд ариутгах уусмалаар хоёр хоногт нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тухайн вирус нь агаарт есөн цагийн турш тэсэх чадвартай байдаг. Тийм болохоор агаар солилцоог өдрийн цагаар хоёр цаг тутам тогтмол хийх шаардлагатай байдаг. Энэ нь агаарт байгаа вирусээ агаарын урсгалаар хөөж гаргаж байна гэсэн үг. Мөн хүүхдийн суурь дархлааг дэмжиж байх хэрэгтэй.

-Жишээлбэл, хүүхдийн дархлааг ямар, ямар аргаар дэмжих нь хамгийн үр дүнтэй вэ?

-Бага насны хүүхдүүдийн дархлаа насанд хүрсэн хүмүүсийнх шиг тогтворжоогүй байдаг. Тэгэхээр бид хүүхдийн насанд тохирсон хоол тэжээл өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, унтуулж амраах шаардлагатай. Үүний үндсэн дээр хүүхдийн дархлаа тогтворждог. Ганцхан витамин уулгаж, эм өгснөөр дархлааг дэмжихгүй шүү. Орчин үеийн хүүхдүүд телевиз үзэх, утсаар тоглох гэх мэтчилэнгээр шалтгаалан унтах цаг нь хойшлогдоод байгаа. Ерөнхийдөө бага насны хүүхдүүд 10-12 цаг унтах бие физиологийн шаардлагатай байдаг. Тиймээс хүүхдээ аль болох оройны 09:00-10:00 цагийн хооронд унтуулах хэрэгтэй. Хүүхдэд шөнийн нойр маш чухал. Хүүхэд шөнө унтаж байх хугацаанд дархлааны бодисууд нь биед идэвхжиж байдаг. Хүүхдийн унтах цаг хойшлох тусам дархлаа дэмжиж ялгарах бодисууд улам багасна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн нойр чухал ач холбогдолтой. Манай орны нөхцөлд хүүхдийн хоол тэжээлийн төрөл маш цөөн байдаг. Хүүхдэдээ зориулан хоол бэлтгэх нөхцөл төдийлөн хомс. Цөөн ээжүүд өдөр бүр зориулж бэлтгэдэг байх. Мөн шингэн зүйлийг тогтмол уулгаж хэвшүүлэх. Шингэж зүйлс гэхээр л өнгө будагтай, ундаа, шүүс биш юм шүү. Болж өгвөл халуун бүлээн ус уулгах эсвэл бидний нэрлэж заншсан байхуу цай. Шингэний сэлбэлтэд тогтмол орсон хүүхдийн дархлаа тэнцвэржиж байдаг.

Хүүхдийн биед тохирсон олон төрлийн хоол тэжээл бэлтгэх мэдээллийг ээжүүд хаанаас авах вэ гэвэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ ашиглаж болно. Дэвтрийн 72-74 дэх хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дэвтрийн 70-72 хуудсанд хүүхдийн асаргааны талаар бичсэн байдаг. Энэ мэдээлэл нь амьсгалын замаар халдварласан хүүхдийг гэрээр хэрхэн асрах тухай байгаа. Бидний өгдөг зөвлөгөө тэр ягаан дэвтэрт бүгд бичигдсэн байдаг юм шүү. Жишээлбэл, суулгалтыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ, хүүхдийг өвдсөн үед хэзээд нь эмчид хандах ёстой вэ?, халуурах хэм, амьсгалын тоо хэд хүрвэл аюултай байх зэрэг бүх зүйлсийг нэг бүрчлэн бичсэн. Эцэг, эхчүүд ягаан дэвтэртэй бүрэн гүйцэд танилцалгүй, шууд эмчид хандах нь элбэг байдаг. Энэ нь эмнэлгийн ачааллыг ихэсгэх нэг эрсдэл болдог. Түүнээс гадна эмнэлэгт шууд хүүхдээ авчирснаар олон төрлийн вирусээр нэмж өвчлөх эрсдэлтэй.

-Бөөлжиж, суулгадаг ханиад, гэдэс нь өвддөг ханиад гэх зэргээр эцэг, эхчүүд хаа нэгтэйгээс сонссон дам яриагаар хүүхдээ оношилж, эмчлэх нь байдаг?

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн ханиад томууны 200 гаруй вирус байдаг. Эдгээр вирус нь өөр өөр эмнэлзүйн шинж тэмдгүүдтэй. Бөөлжиж, суулгаж байна гэдэг нь бас нэг вирусийн онцлог шинж тэмдэг. Бөөлжилт, суулгалт нь рото вирусийн илрэх шинж тэмдэг гэсэн үг. Амьсгалын замын салст бүрхүүл аль хэсэгтээ гэмтсэнээс хамаараад эмнэлзүй нь өөр байх жишээтэй.

-Тандалтын судалгаанаас харахад, хүүхдүүд түлхүү ларингит томуу тусах нь их байгаа талаар та сая ярьлаа. Энэ нь ямар шинж тэмдгээр илэрч байгааг тодруулж өгнө үү?

-Ерөнхийдөө ларингит нь халуурах байдлаар эхэлдэг. Халууралтаар эхлээд нус гоожих, хамар битүүрэх, ханиалганы шинжээр эхэн үед илэрнэ. Үүний дараагаар хүүхэд сөөнгөтөж эхэлдэг. Мөн шөнийн цагаар хуурай ханиалгаж байна. Үүний дараа бачуурч эхлэх нь ларингит хүндэрч буйн шинж. Ларингитийн үйл явц хурдан өрнөдөг. Өөрөөр хэлбэл, өдөр нь хүүхэд халуурч байсан бол орой нь шууд бачуурах байдал илэрч байна. Ийм шинж тэмдэг илрэх тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатай.

-Эмнэлгийн зүгээс ханиад томуугаас хэрхэн сэргийлэх арга хэмжээ авч байна вэ?

-Ханиад томуунаас сэргийлэхдээ бид жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг. Тэр төлөвлөгөөний дагуу ханиад томууны улирлыг угтан арга хэмжээ авч эхэлдэг. Өрхийн эрүүл мэндийн төв болон хүүхдийн амбулатори, нэгдсэн эмнэлгүүдэд орны ачааллаа хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэх мэтийг төлөвлөдөг. Мөн олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа хийх, эмч, ажилчддаа сургалт, сурталчилгаа хийх гэх мэтээр арга хэмжээ авч эхэлдэг.

 -Бага насны хүүхдүүд ханиаднаас хатгалгаа руу яаралтай шилжиж, хүндрэх эрсдэлтэй байдаг. Эцэг, эхчүүд хатгалгаа илэрч буйг мэдэхгүй хүндрүүлсэн тохиолдол олон. Тэгвэл хүүхдийн ханиад хатгалгаа болж байгаа нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Хатгалгаа нь эхлээд хүүхдийн амьсгал олширсноор илэрдэг. Амьсгалын тоо хүүхдийн наснаас хамаардаг. Тодруулбал, хоёр сар хүрч байгаа хүүхэд 60-аас дээш амьсгалах, хоёр сараас 12 сар хүртэлх насны хүүхэд нэг минутад 50-аас дээш амьсгалах, нэг наснаас дээш хүүхэд нэг минутад 40-өөс дээш амьсгалах нь хатгалгааны нэг шинж тэмдэг болдог. Мөн цээж хонхолзох шинж тэмдэг ажиглагдана. Хүүхэд амьсгал авахад хүүхдийн цээжний хана нэлэнхийдээ тэлэгдэх ёстой бөгөөд цээж тэлэгдэж байх явцад хавирганы нумаар дотогш татагдаж байгааг бид цээж хонхолзох шинж гэж үздэг. Мөн гурваас дээш хоног халуурна. Эдгээр шинж тэмдгүүд нь хатгалгааны шинж тэмдэг болдог. Энэ тохиолдолд маш яаралтай эмчид хандах шаардлагатай. Эцэг, эхчүүд ихэвчлэн ханиад томууны вирус халууралтаар илэрдэг гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг анзаарагддаг. Халуурлаа гэхээр манай хүүхдийн хоолой нь өвдчихлөө гэж хандаад байдаг. Гэтэл үгүй юм. Халууралт нь ганц хоолой өвдсөнөөс биш ханиад томууны нөхцөлөөс болж илэрнэ.

-Зарим эцэг, эхчүүд өөрсдөө дур мэдэн эм тариа өгөх тохиолдол олон байдаг. Мэдээж, гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой үед өөрсдөө эм өгч, арга хэмжээ авч эхлэх нь зөв үү?

-Ихэнх ханиад томууны ерөнхий шинж тэмдгүүд адил байх нь бий. Тэр ерөнхий шинж тэмдгүүд дээр тухайн вирусын онцлог шинж нэмэгддэг. Жишээ нь, халуурах, нус гоожих, хамар битүүрэх тохиолдолд янз бүрийн антибиотик өгөх шаардлагагүй. Яагаад гэхээр энэ нь вирусээр үүсгэгдэж байгаа нөхцөл. Антибиотик нянгаар үүсгэгдэж байгаа өвчинд үйлчилдэг. Тэгэхээр шаардлагагүй хэрэглээний антибиотикоос татгалзаасай гэж хүсч байна. Антибиотик хэрэглэснээр халууныг буулгахгүй. Халууралт гэдэг нь хүүхдийн дархлааны урвал юм. Хүүхэд гаднаас орж ирсэн вирусийг устгах гээд халуунаа ихэсгэж байгаа дархлааны урвал байгаа юм. Бид тэр дархлааны урвалыг шууд автоматаар дарж болохгүй гэсэн үг. 38.5-аас дээш халуурсан тохиолдолд халууны эм хэрэглэнэ. Зарим хүүхдүүд халуурснаас болоод татах гээд байдаг. Ийм тохиолдолд заавал 38.5 хүртэл хүлээхгүйгээр халууны эм хэрэглэж болно. Мөн хүүхэд их зовиуртай байгаа тохиолдолд халууны эм хэрэглэж болно. Гэрийн нөхцөлд эцэг, эхчүүд хүүхдээ халуурсан тохиолдолд хүйтэн жин тавих, хүйтэн алчуураар биеийг нь арчих зэрэг арга хэмжээг авч болно. Мөн амаар нь шингэн бүлээн уух зүйлс өгөх ба 38.5 хүртэл халуурсан үед парацетамол уулгаж болно. Халуунд парацетамолоос өөр эм өгөх шаардлагагүй. Зарим тохиолдолд нурофен эмээс хүүхдийн насанд тохирсон тунгаар өгч болно. Парацетамол эмийг зургаан цагаас дотогш ойр ойрхон зайтай хэрэглэж болохгүй. Түүнчлэн парацетамол агуулсан эмтэй хавсарсан байдлаар халуун бууруулах парацетамол эмийг хэрэглэж болохгүй. Ингэснээр эмийн тун хэтэрч, эмийн хордлогод орох эрсдэлтэй байдаг. Мөн үүнээс гадна хүүхдэд асаргаа маш чухал гэдгийг онцолж хэлмээр байна.