Рота вирус гэж яг ямар учиртай, хэзээ, хаанаас гарч ирсэн вирус болохыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
Вирусын гаралтай гэдэсний халдварт өвчнүүдийн нэг л дээ. Ихэвчлэн 0-2 насны хүүхэд, тэр дундаа хөхөө хөхдөг, угж иддэг хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Манай орны хувьд энэ вирусыг сүүлийн жилүүдэд л оношилдог болсноос биш өмнө нь манайд энэ өвчин байгаагүй биш, байсан. Дээхнэ үед энэ өвчнийг яг рота вирус гэж мэддэггүй байсан учраас бусад төрлийн гэдэсний халдварт өвчнүүдийн нэгэн адил эмнэл зүйн аргаараа эмчлээд явдаг байсан юм.
Тэгэхээр рота вирусын эмчилгээ гэж тусдаа байдаггүй гэсэн үг үү?
Ер нь бол ямар ч вирусын гаралтай өвчинд шинж тэмдгийн эмчилгээг хийдэг. Амьсгалын замын, мөн гэдэсний замын вирусын гаралтай өвчинд ялгаагүй л ийм төрлийн эмчилгээ хийнэ. Тусад нь тусгай эмчилгээ бол байхгүй. Рота вирусээр өвчилсөн хүүхэд шингэн их алддаг тул шингэн алдалтыг нөхөх эмчилгээг шинж тэмдгийн эмчилгээтэй цуг хийгээд явчихад болдог л доо. Ийм нөхцөлд 5-7 хоногийн дотор бүрэн эдгэдэг.
Юунаас болж халддаг юм бэ?
Дутуу угаасан бохир гарын өвчин шүү дээ. Мөн дутуу цэвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа ногоо, жимснээс халддаг тал бий. Хамгийн гол нь бохир гар. Ялангуяа ээжүүд хүүхдээ хооллохынхоо өмнө гараа угаагаагүйгээс хүүхэддээ халдаадаг талтай.
Зөвхөн хүүхдэд халддаг вирус гэж ойлгож болох уу. Том хүмүүс тусахгүй гэсэн үг үү?
Том хүн рота вирусээр барагтай бол өвдөхгүй дээ. Халдсан ч шинж тэмдэг илрэхгүй зүгээр явж байгаад хүүхэддээ авчраад халдаачихдаг. Ээжүүдийг дахин онцолж хэлмээр байна.
Ээж хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах ёстой. Мөн нялх хүүхэдтэй аав, ээж нар гадуур олон нийтийн газраар явсныхаа дараа гараа тогтмол угаах хэрэгтэй.
Ахин дахин энэ өвчнөөр хүүхдээ өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ. Ямар нэгэн вакцин бий юу?
Дэлхий дахинд рота вирусын вакцин хийгддэг. Харин манайд сүүлийн үед л энэ вакциныг оруулж ирж хийх талаар ярьж байгаа. Одоогийн байдлаар аль ч эмнэлэгт рота вирусын вакцин хийж эхлээгүй байна.
Гэдэсний бусад төрлийн халдварт өвчнөөс ямар шинж тэмдгээрээ ялгаатай вэ?
Ерөнхийдөө бусад төрлийн гэдэсний халдварт өвчинтэй их төстэй. Хүүхэд зүгээр байж байгаад бөөлждөг. Нэг бус удаа бөөлжинө. Бөөлжсөнийхөө маргаашнаас олон удаа гүйлгэж шингэн алдаж эхэлдэг. Шингэн алдалт нь их үнэртэй, усархаг өтгөн, олон удаа гардаг. 0-2, ялангуяа 1-2 насны хүүхэд энэ өвчинд онцгой мэдрэг байдаг. Яг рота вирус тусч уу гэдгийг нь хүүхдийн ялгадасанд тухайн вирусын антигенийг үзэх замаар шинжилж оношилно.
Ер нь бол гэрийн нөхцөлд рота вирусыг аав, ээж нар өөрсдөө оношлоод эмчилчих боломжтой. Ганц манайд биш, барууны улсуудад гэрээр эмчилдэг л дээ. Хүүхэд уг өвчнийг хөнгөн хэлбэрээр туссан, хоол ундандаа дуршил сайтай байгаа тохиолдолд гэрийн нөхцөлд гам сахиж эмчлээд эрүүл болох боломжтой.
Харин ууж идэхдээ дурамжхан, дээр нь олон бөөлжиж, гүйлгээд байгаа тохиолдолд яаралтай мэргэжлийн эмч, эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүндрээгүй гэдэг нь бөөлжилт, гүйлгэлт олон биш, дээр нь халуураагүй, бас хоол ундандаа дуршил сайтай байхыг хэлж байгаа юм.
Энэ вирусын эсрэг антибиотек хэрэглэдэг үү?
Рота вирус нь өөрөө нянгийн халдвартай хавсарсан тохиолдол их түгээмэл. Ийм тохиолдолд антибиотек хэрэглэдэг. Гэхдээ шинжилгээ хийж, яг рота вирус гэдгийг нь батлахгүйгээр антибиотек хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Шаардлагагүй байхад антибиотек хэрэглэх явдал хүүхдэд өөрт нь тийм ч сайн зүйл биш. Хэрэгцээгүй үед антибиотек хэрэглэснээр хүүхдийн өвчний эдгэх хугацаа уртасдаг сөрөг талтай.
Антибиотект тэсвэртэй нянгууд олон жил ажиллаж байгаа эмнэлгийн багаж хэрэгслээс эхлээд агаар орчинд нь хүртэл байдаг юм шүү дээ. Ийм нянгууд заавал хоёр дахь шатны антибиотек хэрэглэж байж эмчлэгддэг. Гэхдээ антибиотект тэсвэртэй нян өөрөө тийм элбэг биш. Харин сүүлийн үед 2040 оноос антибиотект тэсвэртэй нянгуудын эрин үе эхэлнэ гэж ярих боллоо.
Бидний сайн мэдэх амоксициллин зэрэг эмэнд тэсвэртэй, хувирамтгай нянгууд олширч байгаа нь үнэн. Энэ бүхэнтэй яаж тэмцэх вэ гэвэл шинэ төрлийн антибиотек гаргаж авах ганц л арга бий. Дэлхий дээр байгаа нийт антибиотекүүдийн тал нь химийн, үлдсэн нь мөөгөнцөрөөс гаргаж авсан эмнүүд байдаг. Тиймээс ирээдүйд хувирамтгай, тэсвэртэй нянгийн эсрэг антибиотекийг хүссэн хүсээгүй сайжруулахаас өөр аргагүй. Эмэнд тэсвэртэй болно гэдэг чинь нянгууд орчиндоо дасан зохицож байна л гэсэн үг шүү дээ.
Ер нь бол ханиадны бүх вирус өөрөө хувирах чадвартай, хувирамтгай байдаг. Нэг хүний биед орчихоод тэндээсээ дараагийн хүний бие организмд шилжихдээ хувирчихдаг. Зуун хувь бүтэн хувирахгүй ч тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ороод явдаг.
Одоо ханиад томууны улирал эхэлж байна. Сар сараараа вирус хувираад явчихдаг.
Заавал рота вирус гэлтгүй гэдэсний архагтай, байнга гэдэс нь өвддөг хүүхдэд ямар эмчилгээ тохирох вэ?
Ойр ойрхон гэдэс нь өвдөж байгаа хүүхдийн шалтгаан, оношийг нь тогтоох хэрэгтэй. Харшилтай учраас түүнээсээ болоод гэдэс нь өвддөг хүүхэд бий. Эсвэл ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг шингээж чаддаггүй хүүхэд байдаг.
Ханиадны талаар асуухгүй өнгөрч болохгүй. Ханиад хүрсэн хүн болгон “Нус нулимсандаа хутгалдаад” гэж ярьдаг. Нус яагаад гоождог юм бэ?
Нус гоожно, цэр гарна гэдэг чинь хүний биеийн өөрийн вирусын эсрэг үзүүлж буй хариу урвал. Ханиад хүрсэн эхний хоёр, гурав хоног хүний ам, хамар, залгиур хоолой тухайн вирусыг хүлээн авч, мөн эсэргүүцдэг гэж ойлгож болно. Тиймээс ч ханиад хүрсэн эхний хоёр, гурав хоног шууд антибиотек хэрэглээд эхлэх нь төдийлөн зохимжгүй.
Гураваас тав хоног ханиадны урвал заавал явагдана. Энэ үедээ хүний бие халуурах зэрэг үзэгдлүүд болдог. Ийм үед таны хүүхдийн биед хэт их зовиуртай биш л бол тариа хийх, антибиотек хэрэглэхээс болж өгвөл татгалзаж, өөрийнх нь эсэргүүцлээр эдгээх нь чухал. Гол нь шингэн зүйл сайн уулгаж, тэжээллэг хоол хүнс хэрэглүүлээд ажиглах хэрэгтэй л дээ.
Халуурна гэдэг чинь хүний биеийн хамгаалах урвал ажиллаж байгаагийн илрэл. Түүнээс биш вирус гаднаас орж ирчихээд халууруулаад байгаа хэрэг биш.
Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал вирус эхлээд хамрын хөндийд орно. Хамрын хөндийн салст бүрхэвч гэж байдаг. Энэ салст бүрхэвч рүү вирус ороод гарахдаа задардаг. Ингээд задрангуутаа хүний эсийн хананд байдаг халууруулдаг цитокенүүдийг идэвхжүүлнэ. Энэ нь задраад цус руугаа орно. Үүнийг хүний бие организм хүлээж аваад халуурч эхэлдэг. Вирус чинь өөрөө цусанд орохоороо тэсвэр муутай болчихдог. Халууныг тэсвэрлэх чадвар муу л гэсэн үг шүү дээ. Халуурснаараа хүний бие тухайн вирустсэн голомт руугаа өөрийнхөө биеийн дархлааны эсүүдийг дууддаг. Нэг ёсны “Та нар наашаа хүрээд ир ээ. Энд гаднын дайсан байна. Хамтдаа тэмцье” гэж байгаа хэрэг.
Бидний гол бэрхшээл утаа болчихоод байна. Утаа хүүхдүүдийн маань эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг та судалж үзсэн үү?
Манай хотын утаа нарийн ширхэгтэй тоосонцороос давамгайлсан гэдгийг судлаад тогтоочихсон. Энэ нь жилийн дөрвөн улирлын турш их хэмжээний ачааллыг бидний уушгинд өгч байгаа. Уг нь бол уушги ханиад, хатгаа хүрсэн үед л өндөр ачаалал авч ажиллах ёстой. Гэтэл жилийн дөрвөн улирал ханиад хүрсэнтэй эн тэнцүү ачааллыг бидний уушги авдаг болчихлоо. Үр дүн нь мэдээж сайн зүйлд хүргэхгүй.
Тэгвэл хатгааны тухайд юу хэлэх вэ. Сүүлийн үеийн ханиад амархан хатгаа болж хувирч байгааг эцэг эхчүүд ярьж байна?
Зарим хоруу чанартай ханиад туссан хүүхэд хүний урманд ханиалгах ч үгүй байж байгаад хэдхэн хоногийн дотор хатгаа болчих тохиолдол бий. Бүр нэгээс хоёр хоногт хатгаа болчихож байна. Энэ нь мэдээж үүсгэгч вирусээсээ шалтгаалж байгаа. Дээр нь сая ярьсан утаа нөлөөлж байгааг ч хэлэх хэрэгтэй. Жин багатай, эсвэл багадаа хүндрэлтэй төрөөд амьсгалын аппаратанд орж байсан, цус багадалттай зэрэг шалтгаантай хүүхдүүд ханиад хүрэхээрээ хатгаа болж хүндрэх магадлал өндөртэй байдаг.
Витамин Д хүүхдийн биед их чухал гэдэг. Яагаад тэр вэ?
Д витамин гэдэг чинь өөрөө гормон чанартай, кальци ихтэй учраас кальцийн солицоог дэмжих зорилготой зүйл шүү дээ. Витамин Д дутагдвал кальци дутагдана. Кальци дутагдсанаар рахиттай болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
Томууны вакциныг хүүхэддээ заавал хийлгэх шаардлагатай юу?
Цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдийн хувьд бол хийлгэчихэд буруу байхгүй дээ. Хүүхдээ ханиаднаас хол байлгая. Туссан ч хөнгөн хэлбэрээр тусаасай гэж бодож л байгаа бол хийлгэх хэрэгтэй. Үүнээс илүү сайн арга байхгүй гэж зөвлөмөөр байна.
Comments