-Чихрийн шижин өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
-Хоолныхоо дэглэмийг бариад бүрэн хөдөлгөөнөө хийгээд, эмчийнхээ зөвлөсөн эмээ уугаад эсвэл инсулинээ бариад явах юм бол тодорхой түвшинд хүндрэлүүдээсээ сэргийлнэ гэсэн үг. Түүнээс биш бүрэн эдгэнэ гэж байхгүй.
-Чихрийн шижин өвчинтэй хүн ямар хоолны дэглэм барих шаардлагатай юм бэ, хүмүүс маш олон хоолны дэглэмийг санал болгодог шүү дээ?
-Идэж болох хоол, идэж болохгүй хоол, хязгаартай хэрэглэх хоол гэж хуваадаг. Идэж болохгүй нь болохоор чихэр, сахартай, калор ихтэй, нүүрс ус ихтэйг хэрэглэхгүй гэсэн үг. Мөн манай Монголчуудад гэр зөвлөмж гэж байдаг юм. Тэрний дагуу хэрэглэнэ. Бас тавагний зарчим гэж байдаг. Хамгийн түрүүнд хүн зургаан төрлийн зүйл хэрэглэх ёстой. Мах, Сүү, цагаан идээ, үр тарианы төрөл гэдэгт гурил, будаа, төмс багтана. Түүнчлэн ногоонуудаа хэрэглэнэ. Ерөнхийдөө бүгдийг нь хэрэглэж байж биед нь байх ёстой бодисууд авах ёстой эрдсүүд орж байж зөв хэрэглээ болно.
Манайхны хамгийн их хэрэглэдэг цагаан будаа нь нүүрс усны солилцоонд хамгийн их орлодог бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна гахайн утсан мах, утсан хиам, төрөл бүрийн амтлагчаар амталж хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэрэглэх нь нүүрс усны солилцоонд өөрчлөлт оруулдаг. Жимс, ногоо болгон нүүрс ус хэтэрхий ялгаруулахгүй л дээ. Лийр, алим, байцаа, улаан лооль, өргөст хэмх зэрэг эруүл мэндэд ашигтайг нь сонгож хэрэглэх хэрэгтэй. Мөн өглөө өлөн гараад өдөржин хоосон явах, тэгж байгаад нэг суурин дээр их идэх нь ходоод гэдэсний ажиллагааг хямрааж нүүрс усны солилцоог алдагдуулдаг.
-Тэгвэл чихрийн шижинтэй хүмүүс юу уух ёстой вэ?
-Өөрийнхөө хэрэглээгээр л болно л доо. Мэдээж хэрэг, хийжүүлсэн, өнгөтэй ундаанууд, ялангуяа кока кола нүүрс ус ихтэй зүйлсийг хэрэглэхгүй байсан нь дээр. Рашаан булгийн усны хувьд эрдэс ихтэй бүрэн сахар буулаа гэсэн судалгаа гараагүй байна. Рашаан булгийн төрлийн зүйлс эрдэс минерал ихтэй учраас тодорхой хэмжээнд сахарт нөлөөлөх бууруулах боломжтой байдаг.
-Чихрийн шижинтэй тэмцэх хялбар арга юу вэ?
-Аливаа өвчинд хялбар арга гэж ер нь огт байхгүй. Мэдээж хэрэг өвчин бүрийг саармагжуулах тодорхой нэг хүчин зүйл бий. Чихрийн шижин өвчнөөр оношлогдсон тохиолдолд хүн хамгийн эхлээд хоолны дэглэмдээ анхаарал хандуулах шаардлагатай. Эхний алхам мэргэжлийн хоол зүйчтэй уулзаж чихрийн шижинд тохирсон хоолны цэс гаргах шаардлагатай байдаг юм. Чихрийн шижингийн хооллолт нь онцлогтой, нарийн дэгтэй байдаг.
-Чихрийн шижин өвчин үүсэх гол хүчин зүйл юу байдаг вэ?
Сүүлийн үеийн хотжилттой холбоотойгоор хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний буруу хэрэглээ, удамшлын хүчин зүйлтэй холбоотой чихрийн шижин өвчин ялангуяа хоёрдугаар хэлбэр нь түлхүү ихэссэн. Насны хувьд чихрийн шижин хоёрдугаар хэлбэр нь 40-өөс дээш насны дунд зонхилон тохиолддог байсан бол 18-20 насны хүүхдүүд хүртэл хоёрдугаар хэлбэрээр өвдөх нас нь залуужаад байна. Нойр булчирхайгаас ялгарч байгаа инсулинтэй холбоотой мэдрэг чанар нь алдагдаад ирэхээрээ их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны өвчин байгаа. Чихрийн шижингийн таван хэлбэр байдаг юм. Нэгдүгээр хэлбэрийн шижин нь, нойр булчирхайн инсулин “үйлдвэрлэдэг” эсүүд гэмтсэнээс болдог. Хоёрдугаар хэлбэр нь, инсулин ялгаравч эсийн дотор орж, үүргээ гүйцэтгэж чадахаа байдаг. Хоёрдугаар хэлбэрийн хүндрэл гэвэл том судасны хүндрэл, жижиг судасны хүндрэл гэж байдаг. Жижиг судасны хүндрэлд нь нүдний хүндрэл, бөөрний хүндрэл, мэдрэлийн хүндрэл гэж байдаг. Том судсанд харвалт, мэдрэлийн хүндрэлүүд ордог.
-Чихрийн шижин өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Хамгийн түрүүнд тохиолдох шинж тэмдэг нь ам цангах, их уух, ядарч сульдах, гараа санамсаргүй зүсээд эсвэл шумуулд хазуулахад шарх удаан эдгэрэх, жингээ алдах буюу турах арьс загатнах, нойронд муу болох, ойр ойрхон шээх шинж тэмдгээр илэрдэг. Ийм шинж тэмдэг илэрч байвал харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт цусан дахь инсулины хэмжээгээ шалгуулах хэрэгтэй.
-Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам юу вэ?
-Хүн бүр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн чухал нь эрүүл амьдралын хэв маяг. Эрүүл амьдралын хэв маяг гэдэгт бид юуг багтаадаг вэ? Гэвэл нэн тэргүүнд эрүүл хооллолт. Өдөр тутмын идэж, ууж буй зүйлсдээ анхааралтай няхуур хандах шаардлагатай. Эрүүл хооллох гэдгийг дан давсгүй ногоо ид гэж гэхгүй. Огцом их идэх, өөх тос ихтэй хайрж, хуурсан зүйлс тогтмол идэх нь нэгдүгээрт ходоодны ямар нэгэн эмгэгтэй болгоно. Хоёрдугаарт цусан дахь сахарыг нэмэгдүүлдэг. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн, иог. Илүүдэл жин. Илүүдэл жин цусан дахь сахарыг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл тиймээс аль болох илүүдэл жингүй байхыг илүүд үзэх хэрэгтэй.
Comments